Антониу Гуттериш НҮБ-ын тэргүүнээр улиран сонгогдлоо

Улс төр

НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш албан тушаалдаа дахин нэг удаа улиран сонгогдлоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблей баасан гарагийн тусгай хуралдаанаараа Антониу Гуттеришийг байгууллагынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр дахь удаагаа сонгон томилжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүд байгууллагынхаа тэргүүнийг албан тушаалд нь улираан сонгохыг санал нэгтэй дэмжсэн байна. Улмаар Ерөнхий Ассамблейн 75-р чуулганыг тэргүүлж байгаа Волкан Бозкыр хуралдааны шийдвэрийг танилцуулан, Антониу Гуттеришийг НҮБ-ын тэргүүнээр улиран сонгогдсоныг албан ёсоор зарлажээ. Ийнхүү зарласны дараагаар Бозкыр НҮБ-ын тэргүүнийг танхимд урьж, тангараг өргөх ёслол болсон байна.

Антониу Гуттериш түүнд итгэл найдвар хүлээлгэн, олон улсын байгууллагыг дахин нэг удаа тэргүүлэн ажиллахыг даалгасанд талархал илэрхийлж, ирэх 5 жилд НҮБ хүнд суртлыг багасгаж, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, солилцоог сайжруулах замаар байгууллагын дотоод үйл ажиллагаанд өөрчлөлт шинэчлэл хийж, илүү нээлттэй, илүү үр бүтээлтэй, илүү нөлөөлөлтэй байгууллага болон ажиллах болно гэдгийг амлажээ.