Ковид-19

Өмнөд Америкийн хамгийн өндөр хөгжилтэй том улс Бразилд ковид-19-ын халдвар авсан иргэдийн тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байна. Энэ улсад нийт өвчлөгсдийн тоо 92,000 гарч, өвчлөлийн тоогоор халдварын голомт Хятад Улсыг хол давсан орнуудын тоонд оржээ.

Ингэснээр Бразил Улс дэлхийд хамгийн их халдвар авсан болон нас баралт бүртгэгдсэн 10 орны нэг болжээ. 211 сая хүн амтай энэ улсад нөхцөл байдал нэлээдгүй хүндрээд байгааг хэвлэлүүд онцолж эхэллээ. Хамгийн анх халдвар тархаж эхэлсэн БНХАУ-ын нийт өвчлөгсдийн тоо 80 мянга хол давахад дэлхий нийтээрээ цочирдож санаа зовж байсан. Харин өвчний голомт Хятад Улсад нөхцөл байдал сайжирч, Америк, Европ тивүүдэд нөхцөл байдал хүндэрч хэдэн зуун мянган хүн вирусын халдвар аваад байгаа юм.

Өмнөд Америкийн Бразил Улс ч мөн өвчлөлийн тоогоор Хятад Улсыг хол давж 92 мянган хүн халдвар авсан нь бүртгэгдэж, нас баралтын тоо 6 мянгыг хол давжээ. Бусад оронд өвчлөл нэмэгдсэнээр, халдварын голомт Хятад Улс хамгийн их өвчлөл бүртгэгдсэн 10 орны тооноос хасагдаад байгаа юм. Харамсалтай нь энэ улсын ерөнхийлөгч Жайр Болсонаро цар тахлыг “хамрын ханиад төдий зүйл” хэмээн мэдэгдэж, хэд хэдэн удаа олны өмнө амны хаалтгүй гарч ирсэн зураг, бичлэгүүд нь хэвлэлээр цацагдаж байсан. Бразилд одоогоор эрх баригчдын зүгээс цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ аваагүй байгаа юм. Энэ улсын хил одоо ч нээлттэй, ямар нэгэн хорио цээрийн дэглэм тавигдаагүй байгааг албаны эх сурвалжууд мэдэгджээ. Өмнөд Америкийн улс орнууд ч зөөвөрлөгдөж ирэх халдварын тохиолдлоос болгоомжилж, Бразилтай залгадаг хил дээр түлхүү анхааран ажиллаж байгаа юм байна.

Бразилын ерөнхийлөгч Болсонарогоос сэтгүүлчид халдвараар нас барсан иргэдийн тоо Хятад улсынхаас хол давсан учраас ямар арга хэмжээ авах бодолтой байгааг асуухад “Тэгээд юу гэж? Надаас юу хүсээд байгаа юм бэ” гэж хариулсан нь олон иргэний эгдүүцлийг хүргээд байсан юм. АНУ-ын зүгээс Бразил иргэд хамгийн их оршин суудаг Флорида мужийн захирагч Бразилаас халдвар тээгчид ихээр ирэх магадлалтайг Цагаан ордны хэвлэлийн хурлын үеэр анхааруулсан байна.