Дэлхийн 40-өөд улс орон БНЭУ-д туслалцаа үзүүлж байна

Үйл явдал

Энэтхэгт цар тахлын нөхцөл байдал хүндэрч, гамшгийн хэмжээнд тулахтай зэрэгцээд дэлхийн 40-өөд улс орон Энэтхэгийн талд дэмжлэг туслалцаа үзүүлэхээ мэдэгджээ. Энэтхэгийн гадаад хэргийн яамны сайд Харш-вард-хан Шринглагийн мэдээлснээр олон улсын нийгэмлэгээс үзүүлж байгаа тусламжийн эхний хэсгийн хүлээн авч эхэлжээ.

Их Британи, Ирланд, Герман, Сингапур, Австрали, ОХУ-аас Энэтхэг улсад эхний ээлжийн яаралтай тусламжийг хэдийнэ хүргэжээ. Энэтхэгийн гадаад хэргийн яамны мэдээгээр Европ, Ойрхи Дорнод, Ази болон бусад бүс нутгийн 40-өөд улс орноос эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тариа, бусад шаардлагатай зүйлсийг тусламж болгон илгээжээ. Энэтхэгийн төмөр зам тусламжаар ирсэн хүчилтөрөгчийг Оксижен Экспресс гэсэн тусгай галт тэргээр шаардлагатай газруудад яаралтай хүргэж байна. Канад улс Энэтхэгт 10 сая долларын мөнгөн тусламж илгээж, Өмнөд Солонгосын тал Энэтхэгт эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх асуудлаар хэлэлцэж байна.