Нийслэлд ашиглаж байгаа авто замыг гурав дахин өргөтгөж байж түгжрэлгүй болно

Нийгэм

Нийслэлийн иргэд авто замын түгжрэлд өдөрт дунджаар 2,5 цагийг, жилдээ 35 хоногийг өнгөрүүлж 1 км замыг 10 минутад туулдаг байна. Түгжрэл дээд цэгтээ хүрсэн оргил үед тээврийн хэрэгслийн хурд 8-14 км цаг байгаа нь олон улсын стандартаар бол тэг зогсолт буюу гамшгийн хэмжээ юм. Тиймээс хотын даргын зүгээс түгжрэлийг бууруулахад хийх ажлуудыг эрэмбэлэн засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд танилцууллаа. Үүнд нэн яаралтай багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлэх, парк шинэчлэл хийх, зам дэд бүтцийг сайжруулах, авто машины зогсоолыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. 

Хотод тойрог замын сүлжээ бий болгож, хороолол дундах холбоос нүхэн гарц уулзвар, гүүрийн шинэчлэл, явган болон дугуйн зам гээд түгжрэлийг цогцоор бууруулах ажилд жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулахаар засгийн газар шийдлээ. Одоо ашиглаж байгаа замыг гурав дахин өргөтгөж байж нийслэл хот түгжрэлгүй болно гэж үзэж байгаа юм. Түгжрэлийг бууруулахад газар дээгүүр болон доогуур зорчуулах хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх ажил томоохон хувь нэмэр болно гэдгийг онцоллоо. 

Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт явж байгаа 950 гаруй автобусны талаас илүү нь энэ онд ашиглалтаас гарах юм байна. Тиймээс олон жил яригдсан парк шинэчлэлийн ажилд 1000 орчим багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл оруулж ирэх шаардлагатай гэж үзсэн байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад явган болон дугуйн замын ажил ч ач холбогдолтойг хотын дарга онцоллоо. Сүүлийн үед иргэд алхах болоод дугуйгаар явах сонирхол их болсон. Тиймээс 2021-2022 онд багтаан 98 км явган хүний зам болон 294 км дугуйн замыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.