Олимпийн эрх авсан тамирчдад нэг удаа 10 сая төгрөгийн урамшуулал олгоно

Нийгэм

Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа,  Олимп, Паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, дэмжлэг үзүүлэх зорилгоор Олимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох баг тамирчдаа бүх  боломжоороо дэмжихээ илэрхийллээ. Тухайлбал, тамирчдын амжилтад цалин урамшуулал чухал ач холбогдолтой. Тиймээс үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг олимп хүртэл нэмэгдүүлэх, Олимп, Паралимпын эрх авсан тамирчдад нэг удаагийн урамшуулал олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх болсноо мэдэгдлээ.

Хуралдаанаар Коронавируст халдварын нөхцөл байдлын үед бэлтгэл сургуулилтад хамрагдаж байгаа Үндэсний шигшээ багийн болон Олимпын наадамд улсаа төлөөлөн оролцох багийн нийт бүрэлдэхүүнийг PCR шинжилгээ, вакцинжуулалтад хамруулан паспортжуулах санал гаргалаа. Мөн эрх олгох олон улсын тэмцээн болон Олимпийн наадамд оролцох багийн бүрэлдэхүүнийг улс хооронд зорчих тусгай үүргийн болон олон улсын нислэгийн хуваарьт оруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар боллоо.