КРЕМЛЬ: АНУ Украинд улам их зэвсэг нийлүүлж, дайнд шууд бусаар оролцож байна

Улс төр

ОХУ энхийн хэлэлцээрт нээлттэй гэдгээ удаа дараа мэдэгдсээр ирсэн юм. Гэхдээ Украин болон түүний холбоотнууд үүнийг Орос цаг хожих гэсэн заль гэж үзэж байгааг Ал Жазийра мэдээлж байна. Зеленскийгийн Вашингтон дах айлчлалын үеэр ямар ч энх тайвныг уриалсан, эрэлхийлсэн үг, яриа байгаагүйг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков онцолж, энэ нь АНУ Украинаар дамжуулан дайн хийж байгаагийн нотолгоо гэж хэлсэн байна. 

Украины ерөнхийлөгч АНУ-д хийсэн айлчлал үр дүнтэй байсан гэж мэдэгдлээ. Харин АНУ-аас Украинд илгээх бүх тусламж буюу Патриот систем зэрэг нь Оросын хүчний бай болно гэж Оросын тал мэдэгдсэнийг Ал Жазийрагийн сурвалжлагч дамжуулж байна. Эдгээр системийг сургах, ажиллуулах боловсон хүчин ч Оросын армийн бай болно гэсэн үг гэж сэтгүүлч мэдээлж байна. Оросын цэргийн штабын дарга Валерий Герасимов, АНУ Украин руу илүү их зэвсэг нийлүүлэх замаар мөргөлдөөнд оролцож байна гэж хэлснийг хэвлэл мэдээлэл дамжууллаа. Харин Кремлийн төлөөлөгч Песков, Патриот системийн мэдэгдлийн талаар, энэ нь сөргөлдөөнийг хурдан шийдвэрлэх бус, харин ч эсрэгээрээ хурцатгаж, уртасгаж байгааг хэлсэн байна. 

АНУ Украин 1.85 тэрбум цэргийн тусламжаас гадна, Сенат 45 тэрбумын онцгой байдлын тусламж батлах төлөвтэй байгаа юм. Гэхдээ, ирэх 1-р сараас эхлэн Төлөөлөгчдийн танхимыг Бүгд Найрамдах нам даргалах тул Украинд илгээх санхүүгийн тусламж хязгаарлагдаж магадгүйг BBC дурдлаа. Айлчлалынхаа үеэр Зеленский, Украинд өгч байгаа АНУ-ын мөнгө нь хандив биш, харин дэлхийн аюулгүй байдалд хийж байгаа хөрөнгө оруулалт гэж Конгрессыг санхүүжилтээ үргэлжлүүлэхийг ятгасан юм. Володимир Зеленскийгийн гол зорилго бол Оросын түрэмгийллийг АНУ-ын санаа бодолд үргэлж байлгах гэж Ал Жазийраагийн шинжээч хэллээ, АНУ болон Барууныхан Украинаас уйдаж, бууж өгөх нь Оросын хувьд хамгийн шилдэг стратеги болно, харин Зеленскийгийн хувьд энэ дэмжлэгээ хадгалж, ялалт байгуулах нь түүнд маш чухал гэж дүгнэжээ.