Японы экс ерөнхий сайд Шинзо Абэ бусдын халдлагад өртөн амиа алдлаа

Улс төр

Японы экс ерөнхий сайд Шинзо Абэ өнөө өглөө бусдын халдлагад өртөж, амьдрал үхлийн зааг дээр комд ороод байсан ч харамсалтай нь хорвоогийн мөнх бусыг үзүүллээ...

Шинзо Абэ улсынхаа баруун хэсэгт байрлах Нара хотод парламентын сонгуулийн өмнөх кампанит ажлаар нутгийн иргэдтэй уулзалт хийж байхад түүн рүү үл мэдэгдэх этгээд гар хийцийн буугаар нуруун тус газар луу нь 2 удаа буудсан юм. Хэрэг явдал орон нутгийн цагаар 11 цагийн алдад болсон байна. 

Японы Киодо Цусин, NHK телевиз Шинзо Абэ эмнэлэгт ухаан оролгүй байсаар амьсгал хураасан талаар мэдээллээ. Экс ерөнхий сайдыг нас барсан тухай мэдээлэл ирэхээс өмнө түүний дүү ахад нь цус сэлбэж, амь насыг нь аврахаар эмч нар боломжтой бүхий л арга хэмжээг авсан талаар ярьжээ. Шинзо Абэ галт зэвсгэнд оногдон, хүзүү болон цээжиндээ маш хүнд шархдаж, цус их алдан, комд ороод байсан юм. 

Нара хотын цагдаа хүчнийхэн буудсан этгээдийг хэрэг гарснаас хойш хагас цагийн дараа хотын Ямато-Сайдайжи галт тэрэгний буудлын ойролцоогоос баривчилжээ. Халдлагыг Нара хотын оршин суугч, 41 настай Ямагами Тецуя гэх этгээд үйлджээ. Тэрээр цагдаа нар түүнийг саатуулах үед эсэргүүцэл үзүүлээгүй, Абэгийн аминд халдсан шалтгаанаа түүнд дургүй байсан учраас алахыг хүссэн гэж тайлбарлажээ. Гэмт этгээдийг хорьж, байцаалт мэдүүлэг аван, мөрдөн шалгах ажил явуулж эхлээд байна.