Франц Улс ОХУ-ын нөөцөөс 22 тэрбум евро царцаалаа

Улс төр

Франц улс Украины дайн тулааны улмаас ОХУ-ын эсрэг тавьсан хоригийн дагуу Оросын Төв банкны 22 тэрбум еврогийн үнэ бүхий активыг царцаажээ. 

Энэ талаар Францын сангийн сайд Брюно ле Мэр мэдэгдсэн байна. 

Брюно ле Мэрын мэдэгдэж байгаагаар битүүмжлэгдэн царцаагдсан хөрөнгө нь 2-р сарын дунд үеийн байдлаарх Оросын нийт алт, валютын нөөцийн 4%-тай тэнцэх хөрөнгө юм байна. Оросын Сангийн яамны тэргүүн Антон Силуанов олон улсын зүгээс тавьсан хоригийн улмаас улсынх нь олон улсын нөөцийн тал хувь нь царцаагдаад байгаа талаар мэдэгдсэн юм. Эдгээр хөрөнгийг гадны улс орнуудад гадаад валютаар хийгдэх гэрээний төлбөр мөнгийг төлөх зорилгоор хадгалж байжээ.

Тэгвэл Оросын сангийн сайдын мэдээлснээр гадаад улс орнууд дахь алт, валютын нөөцийг ийнхүү битүүмжлэн царцааснаар Оросын тал олон улсын өмнө хүлээсэн төлбөр тооцооны төлбөрөө төлөх боломжгүйд хүрч, дефолт үүсэх нөхцөл бүрдэж байгаа талаар мэдээлжээ. Түүнчлэн Франц улс Оросын Төв банкны дансыг царцааснаас гадна 850 сая евро бүхий хар жагсаалтад багтсан Оросын бизнесмэнүүдийн хөрөнгийг мөн битүүмжилжээ.