“Европ тивд байгалийн хий, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ нэмэгдсэнд Оросын буруу байхгүй”

Улс төр

Орос-Украины хямралаас шалтгаалан Барууны улс орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан. Тэгвэл Оросын эсрэг тавьсан хоригийн улмаас ЕХ-ны улс орнуудад эрчим хүчний үнэ нэмэгдэж, эрэлт нийлүүлэлт буурсан юм. Европ тивд байгалийн хий, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ нэмэгдсэнд Оросын буруу байхгүй... Энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.  

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдсэнээр Барууны орнуудын зүгээс тавьсан хоригийг үл харгалзан Оросын тал гэрээний дагуух нийлүүлэлтээ таслаагүй. ЕХ-ны зүгээс Оросын эсрэг тавьсан хориг өөрөө “хууль бус”. Оросын Засгийн газар улс орных нь эсрэг тавьсан гадны улс орнуудын хориг, мөн Оросоос Барууны компаниуд гарч, үйл ажиллагаагаа зогсоож байгаатай холбоотой асуудлыг хэлэлцэж, цаашдын арга алхмаа тодорхойлж байгаа гэжээ.

Энэ талаар Оросын төрийн тэргүүн мэдэгдэхдээ:

-Бид гэрээнд тусгагдсан үүргээ үргэлжлүүлэн биелүүлж, эрчим хүчний нийлүүлэлтээ зогсоогоогүй байгаа. Бид Европын үндсэн хэрэглэгчиддээ, мөн дэлхийн бусад бүс нутаг руу газрын тос, байгалийн шингэрүүлсэн хийгээ үргэлжлүүлэн нийлүүлсээр байна. Ингэхдээ Украин дахь эрчим хүчний эх үүсвэрүүд ч бүхий л хүчин чадлаараа үргэлжлүүлэн ажилласаар байгаа...

гэжээ. Оросын талаас эрчим хүчний эх үүсвэр авахгүй, бүрэн хориг тавьж байгаагаа Америкийн тал мэдэгдэж, зохих шийдвэрээ гаргаад байгаа юм.

Гэхдээ Америк Оросоос газрын тосны ердөө 3%-иа л авдаг байжээ. Тэгвэл оны сүүлч гэхэд Их Британи улс мөн Оросын эрчим хүчний импортоос хамааралгүй болохоор зорьж байгаагаа мэдэгдсэн.

ЕХ-ны улс орнуудын хувьд ОХУ-аас байгалийн хийн 45%-иа, газрын тосны 25%-иа авдаг байжээ.

Европын орнууд Версальд хийх дээд хэмжээний уулзалтаараа Оросын эрчим хүчний нийлүүлэлтээс хараат бус байх бусад эх сурвалжаа хайх юм.