БНСУ-ын Төрийн тэргүүнээр Юн Сок Ёл сонгогдлоо

Улс төр

Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ 14 нэр дэвшигч өрсөлдсөнөөс эрх баригч Тобуро ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён болон “Иргэний хүч” консерватив намаас нэр дэвшигч Юн Сок Ёлийн хооронд гол өрсөлдөөн болжээ.

Улмаар сөрөг хүчний намаас нэр дэвшигч Юн Сок Ёл тэргүүлэн, ялалт байгуулжээ. 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийг нэг үе шаттайгаар зохион байгуулж, дийлэнх олонхийн санал авсан нэр дэвшигч тэргүүлэн, 5 жилийн хугацаагаар нэг удаа, дахин улиран сонгогдох эрхгүйгээр сонгодог юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг тоолж дууссаны дараах байдлаар “Иргэний хүч” консерватив намаас нэр дэвшигч Юн Сок Ёл иргэд сонгогчдын 48,56%-ийн санал авсан бол Тобуро ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён 47.83%-ийн санал авсан байна. Хоёр нэр дэвшигчийн авсан саналын зөрүү ердөө 0,73% байгаа юм.

Өмнөд Солонгосын дараагийн төрийн тэргүүнээр сонгогдсон Юн Сок Ёл нь энэ жил 61 настай, улсынхаа прокурорын албыг тэргүүлэн Ерөнхий прокуророор ажиллаж байсан юм. Түүний гол өрсөлдөгч нь байсан Ли Жэ Мён ялагдлаа хүлээн зөвшөөрч, Юн Сок Ёлд баяр хүргэжээ. Өмнөд Солонгосын иргэд сонгогчид энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцож, сонгуулийн ирц идэвхи 77.1% байжээ.