ОХУ, Украины ээлжит уулзалт үр дүнд хүрсэнгүй

Улс төр

Украины хотуудад нөхцөл байдал тогтворгүй хэвээр байна. 

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Украины нийслэл Киев хотын эргэн тойронд буун дуу хадаж, тэмцэл тулаан үргэлжилж байна. 

Киев хотоос энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл явц мөн үргэлжилж байна. Украин дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа учраас АНУ болон ЕХ-ны талууд Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авч байна. Орос, Украины талууд ээлжит, 3 дахь шатны яриа хэлэлцээрээ явуулсан ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй юм.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подолякийн мэдээлснээр яриа хэлэлцээрийн үеэр хүмүүнлэгийн коридор нээх ложистикийн төлөвлөгөөг хэлэлцэж, хямралын бүсээс энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл явцыг яаравчлахаар болсон. Гэхдээ улс төрийн стратегийн байр суурины тал дээр тодорхой ахиц гараагүй болохыг тэмдэглэжээ. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединскийн тэмдэглэн хэлснээр Украины талтай хийсэн уулзалтаар хүмүүнлэгийн коридор, гарцыг нэн даруй нээж, энэ зорилгоор галаа зогсоох шийдэлд хүрсэн.

Гэхдээ улс төрийн болоод цэргийн үйл ажиллагааны тал дээр бид хараахан тохиролцоонд хүрээгүй гэсэн байна. Түүнчлэн Орос, Украины талууд пүрэв гарагт Туркийн Анталия хотод гадаад хэргийн сайд нарын түвшний уулзалт хийхээр тогтжээ. Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нар Анталия хотноо нүүр тулсан уулзалт хийхээр тогтсон байна.