НАТО болон Их Британийн тэргүүлэгчид Польшид айлчиллаа

Улс төр

НАТО-ийн ерөнхий нар.б. дарга Йенс Столтенберг болон Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон нар Эстони Польшид хамтарсан ажлын айлчлал хийжээ.

Эстонид саатсаныхаа дараа Столтенберг, Жонсон нар Польшид хүрэлцэн ирж, энэ улсын ерөнхийлөгч Анжей Дудагийн хамтаар “Ласк” агаарын цэргийн баазад очжээ. 

Талууд “Ласк” агаарын цэргийн баазад хамтарсан мэдэгдэл хийсэн байна. Тэд энэ үеэр Украин дахь өнөөгийн хямрал, цэрэг дайны ажиллагааны талаар хөндөж, цаашид Украины талыг Оросын түрэмгийллээс хамгаалах цэрэг, батлан хамгаалахын дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлжээ. Их Британи улс НАТО-ийн, олон улсын Холбоотнуудтай хамтран ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины бодлогын эсрэг тууштай зогсч, Украины эсрэг эхлүүлсэн цэрэг дайны үйл явцтай холбоотой сөрөг үр дагаврыг удаан хугацаанд амсах болно гэдгийг онцолжээ. Борис Жонсон ийнхүү мэдэгдэхдээ Их Британи улс ОХУ-ын эсрэг эдийн засгийн болоод цэрэг, батлан хамгаалахын, мөн бусад төрлийн хатуу хориг арга хэмжээ авч байгаагаа онцолсон байна. Тухайлбал Ерөнхийлөгч Путин, Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров нарыг “хар жагсаалтад” багтааж, Оросын эсрэг хатуу хориг тавьснаа давтан хэлжээ. Польшид Европын хамтрагчидтай хамт хийсэн мэдэгдэлдээ Борис Жонсон ОХУ-ын тэргүүнийг “дарангуйлагч” гэж нэрлэн, Оросын тал Украины ард түмний тэмцэл, зориг зүрхийг дутуу үнэлсэн байна гэжээ. Их Британийн тал Оросын эсрэг банк санхүүгийн SWIFT системээс хасах шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, Украины дүрвэгсдэд зориулан 220 сая фунтын дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагаа мэдэгджээ.