Жо Байден: Бид ОХУ-ын эсрэг зэвсэг барин тэмцэхгүй ч хатуу хориг арга хэмжээ авна

Улс төр

АНУ, ОХУ Украины нутаг руу халдан довтолсон үйлдлийн хариуд хатуу хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдлээ.

Америкийн төрийн тэргүүн Жо Байден Вашингтон Украины газар нутаг руу өөрийн цэрэг дайчдаа илгээхгүй гэдгийг мэдэгдсэн ч Оросын эсрэг ээлжит хатуу хориг арга хэмжээ авах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна. 

АНУ-ын эрх баригчид ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдэн, Оросын банк санхүүгийн байгууллагуудыг багтаан, Америкийн өндөр технологийн бүтээгдэхүүнийг Оросод экспортлоход хориг тавьж байгаа юм. Жо Байден энэ талаар сэтгүүлчдэд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэн:

-Манай цэргийн хүчин ОХУ-ын Украины нутаг дэвсгэр дээр явуулж байгаа цэргийн ажиллаагаанд оролцохгүй. Хэдийгээр бид Европын орнууд руу цэргийн хүчнээ илгээж байгаа ч бид Украинд дайтахаар биш харин НАТО-ийн Холбоотон улс орнуудаа хамгаалах, НАТО-г дорно зүгт дэмжих зорилго агуулж байгаа юм. Өмнө нь мэдэгдэж байсанчлан бид НАТО-ийн бүрэлдэхүүн дэх улс орнуудын газар нутгийн нэг дюйм бүрийг хамгаалах болно. Бид ОХУ-ын эсрэг зэвсэг барин тэмцэхгүй ч энэ улсын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, доллар, евро, фунт, иенээр аливаа худалдаа, гэрээ хэлцэл хийх бүхий л боломжийг нь хаан, дэлхийн эдийн засгийн эд эс байх эрхийг нь хязгаарлах болно. Бид Оросын банк, санхүүгийн байгууллагын нийт триллион долларын активыг царцаах болно. Америкийн нефть-хийн компаниуд үүссэн нөхцөл байдлыг далимдуулан үнээ нэмэх ёсгүйг хатуу анхааруулж байна. Бид улс орнуудтай гэрээ хэлцэл явуулж, эрчим хүчний салбарт стратегийн нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж, нефтийн үнийн хөөрөгдлийг ч мөн тогтоон барихын төлөө ажиллах болно

гэжээ.