ОХУ нь Донбассын иргэдийг Украины геноцидээс хамгаална

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украины эсрэг “цэргийн тусгай ажиллагаа” явуулах тухай мэдэгдэл 27 минут үргэлжилсэн юм. 

Путин мэдэгдэлдээ НАТО-г дорно зүгт тэлэх үйл явцын талаар, ЗХУ задран бутарсан цаг үе, мөн дэлхий дахинаа “хүчний баланс” алдагдаж байгаа талаар байр сууриа илэрхийлэн, Аугаа Эх ордны дайны цаг үеийг эргэн дурсчээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэлдээ: -Өнөөдөр миний бие ОХУ-ын Төрийн тэргүүний хувиар Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлэх шийдвэр гаргалаа. Энэ ажиллагааны гол зорилго нь сүүлийн 8 жилийн туршид Киевийн дэглэмийн зүгээс дарамт шахалт, хавчлагад өртсөн Донбассын иргэдийг хамгаалах явдал. Бид энгийн номхон иргэдийн эсрэг цуст гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шударга үнэний шүүхэд аваачих болно гэжээ. 

Путин ийнхүү мэдэгдэхдээ ОХУ-ын тал Украины эсрэг “цэргийн тусгай ажиллагаа” явуулахдаа Украины газар нутгийг эзлэн түрэмгийлэх зорилго агуулаагүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Путин Украины ард иргэдэд хандан: -Өнөөдийн үйл явц, үйл хөдлөл Украины ард түмний ашиг сонирхлыг, аюулгүй байдлыг алдагдуулахад чиглэгдээгүй. Энэ бол бидний эсрэг үүсч байгаа аюул заналхийллийн эсрэг хамгаалалт юм. Хичнээн хэцүү байгаа ч бид энэ алхмыг хийхээс аргагүй байдалд орсон гэдгийг ойлгож хүлээж авахыг хүсч байна гэжээ.