Бердымухамедовын хүү Туркмен Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна

Улс төр

Туркменистаны ерөнхийлөгчийн хүү Сердар улс орондоо болох ерөнхийлөгчийн урьдчилсан сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгджээ.

Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын хүү сонгуульд нэр дэвшиж байгаагаа зарласнаар ирэх сонгуульд өрсөлдөх эхний нэр дэвшигч болсон байна. 

Туркменистаны СЕХ Сердар Бердымухамедовыг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэснээр сонгуулийн албан ёсны бүртгэл эхэлснийг мэдээлжээ. Төв Азийн энэ улсад ирэх 3-р сарын 12-нд ерөнхийлөгчийн урьдчилсан сонгууль болох юм. Сонгуульд Туркменистаны албан ёсны бүртгэлтэй улс төрийн намууд, мөн түүнчлэн 10 мянгаас дээш хүний гарын үсэг цуглуулан дэмжлэг авсан бүлэг өөрсдийн нэр дэвшигчээ дэвшүүлэх боломжтой. 2017 онд явагдсан өмнөх сонгуульд нийтдээ 9 хүн нэр дэвшин өрсөлдөж байжээ. Энэ сонгуульд Гурбангулы Бердымухамедов иргэд сонгогчдын 97%-ийн санал авч, үнэмлэхүй байдлаар тэргүүлж байсан юм. Туркменистаны одоогийн ерөнхийлөгч албан сэнтийгээсээ буух хүсэлтэй байгаагаа энэ сарын 11-нд мэдэгджээ. Тэгвэл эцгийнхээ халааг авч төрийн эрхэнд гарахаар сонгуульд нэр дэвшиж байгаа Сердар нь ирэх 9-р сард 40 нас хүрнэ. Туркменистаны үндсэн хуулинд зааснаар энэ нь улсын тэргүүнээр сонгогдох боломжтой насны доод хязгаар юм. Сердар нь өмнө нь улсынхаа Хяналтын дээд танхимыг тэргүүлэн ажиллаж, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, мөн аж үйлдвэрлэлийн сайдын албан тушаал хашиж байжээ.