ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос-Украины хоорондын хямралыг яриа хэлэлцээрийн замаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг дахин батлан мэдэгдлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт улсынхаа Гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нартай тусгайлан уулзалт хийж, Украин болон Барууны улс орнуудтай холбоотой асуудлаар санал бодлоо солилцжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров улсынхаа тэргүүнтэй уулзах үеэрээ Барууны улс орнууд Украины асуудлыг хэт дөвийлгөн, яриа хэлэлцээ хийхээс илүүтэй үйл хөдлөл нь түрүүлсээр байгааг хэлсэн ч цаашид НАТО болон Барууны орнуудаас Оросын аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар баталгаа гаргуулахыг шаардсаар байх болно гэжээ.
Лавров ийнхүү мэдэгдэхдээ шаардлагатай бол Москва Барууны орнуудтай хэдэн ч удаа яриа хэлэлцээ хийхэд, бүс нутгийн нөхцөл байдлыг дайн тулааны хэмжээнд аваачихыг Оросын тал хүсэхгүй байгааг, Украины газар нутаг халдан довтлохыг хэзээ ч урьтал болгоогүй гэдгийг дахин сануулсан байна. Тэгвэл Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ерөнхийлөгч Путинд Орос-Беларусийн хамтарсан цэргийн сургуулилт болоод улсынх нь Хар далайн флотоос эхлээд Номхон далайн флот хүртэлх тэнгисийн цэргийн бүхий л талбарт явагдаж байгаа цэргийн нэгдсэн сургуулилтын талаар мэдээлжээ. Шойгугийн мэдэгдсэнээр цэргийн зарим сургуулилт дуусах шатандаа ороод байгааг тэмдэглэж, НАТО болон ЕХ-ны зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа Украины хил дагуух цэргийн сургуулилт энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ гэж мэдээлсэн байна.