Польш Улс АНУ-ын цэргийн нэмэлт хүчнийг улсынхаа нутаг дэвсгэрт байрлуулна

Улс төр

Польш Улс өөрийн орны нутаг дэвсгэр дээр Америкийн цэргийн нэмэлт хүчин байрлуулахаар төлөвлөж байна.

Польшийн Батлан хамгаалахын сайдын мэдэгдэж байгаагаар Америкийн цэргийн нэмэлт хүчнийг Украинаас холгүй байрлах бүсэд байршуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Польшийн нутагт оруулахАмерикийн армийн нэмэлт хүчнийг Польшийн зүүн өмнөд хэсэгт, Украины хилээс холгүй байрлуулахаар төлөвлөж байгаа юм.

Энэ талаар Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блащак мэдэгджээ. Пентагон Зүүн Европын бүс нутагт цэргийн нэмэлт хүчнээ байрлуулах шийдвэр гарган, эхний ээлжийн цэрэг дайчдаа шилжүүлэн байрлуулж эхлээд байна.

Польшид нийтдээ 1,700 хүний бүрэлдэхүүнтэй Америкийн цэргийн хүчин байрлуулахаар төлөвлөжээ. Эдгээр цэргийн хүчний эхний хэсэг Польшийн Жешув дахь Ясенка нисэх буудалд газардсан байна. АНУ тэргүүтэй НАТО-ийн улс орнууд 2014 оноос эхлэн Украинд зэр зэвсэг нийлүүлж, цэрэг дайчдыг нь бэлтгэж эхэлсэн юм. Энэ нь Минскийн тохиролцоог зөрчиж, Донбассын хямралыг шийдвэрлэх үйл явцад сөргөөр нөлөөлж байна гэж Москва үзэж байгаа юм. Тэгвэл Украины хилийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэгдсэн цэргийн үйл ажиллагаанд Америкаас гадна Их Британи, Канад, Франц, Польш, Турк, Литв, Чех, Болгар, Румын, Эстони зэрэг орнууд нэгдэж байна.