НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын пуужингийн туршилтыг хэлэлцлээ

Улс төр

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөр, он гарснаас хойш ээлж дараалан пуужингийн туршилт харвалт хийсэн явдлыг тусгай хуралдаанаараа хэлэлцжээ.

Умард Солонгосын тал он гарснаас хойш нийтдээ 7 пуужин харван туршсан нь 2017 оноос хойшхи хамгийн олон тооны харвалт болсон байна. 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл АНУ тэргүүтэй 9 улс орноос ирүүлсэн Пхеньяны пуужингийн туршилтуудыг зэмлэн буруутгахыг хүссэн уриалгын дагуу тусгай хуралдаан явуулжээ. Америк тэргүүтэй улс орнууд Умард Солонгосын тал он гарснаас хойш удаа дараа пуужингийн туршилт явуулж байгааг зэмлэн буруутгаж, үүний эсрэг хариу арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм.

Хамгийн сүүлд 1-р сарын 30-нд Пхеньян дундын зайн тусгалтай баллистик пуужин харваснаар олон улсаас тавьсан хоригийг удаа дараа зөрчжээ. Түүнчлэн Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаас гадна Умард Солонгосын талыг цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрөө криптовалютын биржүүдийг чиглэсэн кибер халдлагаас олж авсан орлогоор эх үүсвэр хийн санхүүжүүлж байсан гэх мэдээлэл гарчээ.