ОУВС, Сальвадор Улсыг биткойны хэрэглээнээс татгалзахад уриалж байна

Улс төр

ОУВС, Төв Америкийн Сальвадор улсад хандан төлбөр тооцооны салбартаа биткойныг албан ёсны хэрэгсэл болгон нэвтрүүлэх шийдвэрээ цуцлахад уриалжээ. Энэхүү уриалгаа ОУВС, Сальвадорын эрх баригчдад албан ёсоор тавьсан байна. 

ОУВС-ийн албаны төлөөлөгчид Сальвадор улсын эрх баригчидтай энэ улсын эдийн засгийн өнөөгийн байр байдлын талаар хэлэлцсэн байна. Мэргэжилтнүүд Сальвадор улс цар тахлын сөрөг нөлөөллөөс үүдэлтэй эдийн засгийн хор хохиролоо богино хугацаанд сэргээж байгааг нь тэмдэглэжээ. Түүнчлэн санхүүгийн хүртээмжтэй байдал, төлбөрийн дижитал хэрэгслүүд, тэр дундаа цахим хэтэвчний бодлогыг дэмжиж байгаа ч одоогоор биткойныг нэвтрүүлэх нь цаг хугацааны хувьд эртдэж байгааг сануулах, биткойн, криптовалюттай холбоотой хатуу зохицуулалт, хяналт шаардлагатайг анхааруулсан байна. Биткойныг америк долларын нэгэн адилаар төлбөр тооцооны албан ёсны хэрэгслээр хүлээн зөвшөөрсөн хуулийг Сальвадор улс 2021 оны 9-р сараас мөрдөх болсон юм. Ингэснээр Сальвадор улс дижитал валютыг төлбөр тооцооны албан ёсны хэрэгсэл болсон хүлээн зөвшөөрсөн анхны улс орон болжээ.