ОХУ-АНУ-ын талууд Женевийн уулзалтаар байр сууриа тодорхойлжээ

Улс төр

Швейцарын Женев хотноо ОХУ болон АНУ-ын албаны хүмүүсийн нүүр тулсан уулзалт ажлаа өндөрлөжээ.

Женевийн уулзалт амжилттай явагдсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа ч чухам ямар үр дүнд хүрсэн, ямар тохиролцоонд хүрсэн талаар ярихад эрт байгааг тэмдэглэж, энэ уулзалт яриа хэлэлцээ гэхээс илүүтэй талуудын цаашдын байр сууриа илэрхийлэх тавцан болсныг онцолж байна. 

Женевийн уулзалтад Оросын талыг Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нар тэргүүлэн оролцсон бол Америкийн талаас уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын 1-р орлогч Уэнди Шерман, Төрийн нар.б.даргын зэвсгийн хяналтын асуудал эрхэлсэн орлогч Бонни Женкинс нар төлөөлөн оролцсон байна. Орос-Америкийн албаны төлөөлөгчдийн уулзалтын гол сэдэв нь аюулгүй байдлын асуудал байсан юм. Талууд Женевийн уулзалтын үеэр Европ тивийн аюулгүй байдал, НАТО-г дорно зүгт тэлэх асуудал, Орос-Украины харилцааны асуудлаарх өөр өөрсдийн байр сууриа хуваалцсан ч ямарваа албаны мэдэгдэл, тохиролцоонд хүрээгүй байна. Женевийн уулзалт хаалттай байдалд болж, талууд уулзалтын дараа мэдэгдэл хийхдээ цаашид яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Уулзалтын үеэр Оросын тал НАТО-г өргөжүүлэхээс татгалзах гол шаардлага тавьж, харин Барууны орнууд- Америкийн албаны төлөөлөгчид Москвагаас Украинтай залгаа хилийн бүсэд Оросын цэргийн хүчин төвлөрч байгаад санаа зовинож байгаагаа илэрхийлэн, аюулгүй байдлыг хангах, халдан довтлохгүй байх амлалт авахыг гол зорилгоо болгоод байжээ. Уулзалтын үеэр Сергей Рябков: -Орос орны хувьд Украиныг НАТО-д элсэхийг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй. 2008 онд Бухарестын дээд уулзалтаар НАТО дорно зүгт хүрээгээ тэлэхгүй гэсэн амлалт өгч байснаа санах нь зүйтэй гэж байжээ. Тэгвэл Уэнд Шерман энэ талаарх хариу мэдэгдэлдээ НАТО-г тэлэх эсэх асуудлыг гуравдагч улс орны улс төрийн мэдэгдлээр шийдэхгүй гэдгийг хэлж, цаашид хоёр талын асуудлаар Холбоотнууд болоод түнш орнуудтай зөвлөлдөн, аливаа асуудалд уялдаа холбоотой хандах болно гэжээ. Тэгвэл Оросын тал Украин руу халдан довтлох гэж байгаа мэт ойлголтыг Москва үгүйсгэн, манай оронд Украинтай дайн өдүүлэх, дайтах ямар ч бодлого төлөвлөгөө байхгүй, тиймээс энэ сэдвийг дөвийлгөх нь цаг үрсэн явдал байх болно гэжээ. Эсрэгээр Украины тал Барууны орнуудыг өөрийн талд урвуулан, Оросыг нутаг дэвсгэр лүү нь халдан довтлохоор бэлтгэж байгаа мэтээр харагдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ.