Казахстанд хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал өрнөжээ

Улс төр

Казахстанд 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хий болон түлшний үнэ хоёр дахин нэмэгдсэн юм.

Ийнхүү үнэ нэмснийг эсэргүүцэн иргэд төр засгийн бодлогыг шүүмжлэн гудамж талбайдаа гарч жагсаал цуглаан хийжээ. Казахстаны баруун хэсэгт иргэдийн жагсаал цуглаан хүчээ аван дэгдэж, зарим хотод жагсагчид болон цагдаа хүчнийхний хооронд мөргөлдөөн болсон байна. 

Казахстаны нийслэл Нурсултан хотод болсон иргэдийн жагсаалын үеэр жагсагчид болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн болж, хэд хэдэн хүнийг баривчилсан байна. Иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг намжаахын тулд Казахстаны эрх баригчид буулт хийж, хийн үнийг бууруулахаар амлажээ. Гэсэн ч энэхүү амлалтыг үл харгалзан иргэдийн жагсаал үргэлжилсээр байна.

Казахстаны нийслэл Нурсултан хотоос гадна Алма-Аты, Тараз, Караганда, Шымкент, Кызылорд, Актоба зэрэг хотуудад иргэдийн жагсаал цуглаан дэгджээ. “Хийн жагсаал” гэж нэрийдээд байгаа иргэдийн эсэргүүцлийн улмаас Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев улсынхаа хамгийн том хот болох Алма-Аты болон Мангистау мужид онцгой байдлын дэглэм зарлажээ.

Онцгой байдлын дэглэм энэ сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Энэ үеэр үдшийн 23 цагаас өглөөний 7 цаг хүртэл хөл хорьж, олныг хамарсан ямарваа арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглон, иргэд болон тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ. Токаев түүнчлэн улсынхаа иргэдэд хандан аливаа өдөөн хатгалгад автахгүй байхыг хүсч, үймээн самуун дэгдээхгүй байхад уриалжээ. Тэрээр иргэд жагсагчдын тавьж байгаа шаардлагыг засгийн газрын хуралдаанаар шуурхай авч хэлэлцэх амлалт өгсөн байна.