ОХУ-БНЭУ цэрэг батлан хамгаалахын салбарт хамтарна

Улс төр

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНЭУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Москва, Нью Делигийн харилцааг шинэ түвшинд гаргаж, стратегийн түншлэлийг бэхжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Путины айлчлалын үеэр Орос-Энэтхэгийн талууд цэрэг, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа, техник технологи, шинэ системийг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллахаар тохиролцжээ. 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНЭУ-ын ерөнхий сайд Нарендра Моди нар Нью Дели хотноо хийсэн уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлдээ энэ талаар дурьджээ. Орос-Энэтхэгийн талууд цэрэг, цэрэг батлан хамгаалах, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон нь хоёр улсын хувьд стратегийн чухал ач холбогдол бүхий яриа хэлэлцээ болжээ.

Уулзалтын эхэнд Путин Модид улс орондоо албаны айлчлал хийх урилга ирүүлсэнд талархал илэрхийлэн, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг тэлэхэд талууд онцгой анхаарал хандуулсаар ирснийг тэмдэглэжээ.

Орос, Энэтхэгийн тэргүүлэгчдийн уулзалт 4 цаг орчим үргэлжилж, талууд уулзалтын төгсгөлд хамтарсан мэдэгдэл гарган, хэд хэдэн гэрээ хэлцэл байгуулжээ. Тэр дундаа Путин, Моди нар хоёр улсын хооронд байгуулсан хамтын ажиллагааны төлөвлөгөөг дагаж мөрдөн, хамтын хүчин чармайлтаар Ираны цөмийн яриа хэлэлцээрийг сэргээх тал дээр идэвхтэй ажиллахаар тохиролцжээ.

Талууд 2031 оныг хүртэлх цэрэг техникийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсныг энэ удаагийн айлчлалын гол үр дүн гэж харж байна. Оросын тал Энэтхэг улсад нийлүүлэх С-400 зенитны пуужингийн комплексийн нийлүүлэлт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг тэмдэглэжээ. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди хоёр улсын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүд, Москва Нью Делигийн стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцолсон байна.