Иран, Иракийн талууд олон талт харилцаа хөгжүүлнэ

Улс төр

Иран, Ирак улсууд хоёр улсын харилцааг олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл сонирхолтой байна. Энэ талаар Тегеранд хамтарсан уулзалт хийсэн хоёр улсын төрийн тэргүүн нар мэдэгджээ.

Ираны ерөнхийлөгч Ибрагим Раиси Тегеран хотноо Иракийн ерөнхий сайд Мустафа аль Казымиг хүлээн авч уулзжээ.

Раиси энэ үеэр:

-Хөрш зэргэлдээх Иракаас өндөр албаны төлөөлөгчид манай улсад найрсаг айлчлал хийж байгаад сэтгэл хангалуун байна. Манай хоёр улсын харилцаа холбоо сүүлийн жилүүдэд ихэд ойртож, улс төр, эдийн засаг, соёл урлаг гэхчлэн бүхий л салбарт тэлэн хөгжиж байна. Иран-Иракийн харилцаа ямар ч цаг үед найрсаг уур амьсгалд хөгжиж, атаат дайсны ятгалгад автахгүй байх ёстой

гэдгийг тэмдэглэжээ.

Тегеранд хийсэн уулзалтын үеэр талууд өндөр дээд түвшний, мөн сайд нарын түвшний олон уулзалт зөвлөгөөн хийжээ. Эдгээр уулзалтын гол зорилго нь Персийн булангийн хөрш улс орнуудын харилцааг тэлж, хамтын ажиллагааг бүр талаар хөгжүүлэх явдал гэдгийг талууд онцолж байжээ.

Тегераны уулзалтын үеэр талууд хэд хэдэн тодорхой асуудлаар тохиролцоонд хүрсний дотор Иран, Иракийн иргэд харилцан визгүй зорчихоор болсон байна. Түүнчлэн талууд хоёр улсын хооронд төмөр замын харилцааг хөгжүүлж, Шаламче-Басра чиглэлийн төмөр замын барилгын ажлыг түргэсгэхээр тохиролцжээ.