2001 оны 9/11-ний халдлагаас хойш 20 жил өнгөрч байхад өнөөдөр ч шүүх үйл явц үргэлжилж байна

Улс төр

Хүн төрөлхтөнийг балмагдан цочирдуулсан орчин цагийн хамгийн аймшигтай халдлага болох 2001 оны 9/11-ний халдлагын эмгэнэлт ой удахгүй болох гэж байна. Алан хядагч, террористуудын үйлдсэн балмад халдлагаас хойш 20 жил өнгөрч байхад өнөөдөр ч энэхүү халдлагын дагуух шүүх үйл явц үргэлжилж байгаа юм. 

2001 оны 9/11-ний халдлага АНУ төдийгүй дэлхий дахиныг цочирдуулсан томоохон халдлага байсан. Хэдийгээр энэ халдлагаас хойш хоёр арван өнгөрөөд байгаа ч балмад халдлагыг үйлдэхэд оролцсон этгээдүүдийг шүүх үйл явц өнөөдөр ч үргэлжилж байна.

Мягмар гарагт алан хядах Аль Каида байгууллагын гишүүн, 11-ний халдлагыг зохион байгуулахад оролцсон хэрэгт буруутгагдаж байгаа Халид Шейх Мохаммед гэгчийг шүүх ажиллагаа эхэлжээ. Түүнийг 2003 онд Пакистанд баривчилж, улмаар Гуантанамо дахь шоронд тодорхой ял шийтгэл оногдуулалгүй хорьж, шүүх үйл явцыг хүлээж байсан юм.

Гуантанамо дахь цэргийн шоронд алан хядлага, терроризмын хэргээр хоригдож байсан олон хүн өнөөдрийг хүртэл шүүхээс тодорхой ял шийтгэл сонсолгүйгээр олон жил хоригдсоор ирснийг олон улсын хүний эрхийн байгууллагууд шүүмжилж, энэ бол терроризмын хэрэгт бэлтгэлгүй байсан Америкийн хуульзүйн системийн алдаа гэж үздэг.

Ямартаа ч 9/11-ний халдлагын эмгэнэлт ой ойртохтой зэрэгцээд дахин энэ асуудалд анхаарал хандуулж эхэлсэн байна.

2001 оны 9/11-ний өдөр Америкийн Нью Йорк, Вашингтон хотуудад балмад алан хядагчид 4 онгоц хөлөглөн халдлага үйлдсэн юм. Хоёр онгоц нь Нью Йоркийн Дэлхийн Худалдааны төвийн ихэр цамхагийг ирж мөргөсөн бол нэг онгоц Пентагоны барилгыг мөргөж, 4 дэх нь Пенсильвани мужид осолдсон юм. Энэхүү балмад халдлагын улмаас 3 мянга гаруй хүн амиа алдсан юм.