Их Британийн Хатан хаан улсынхаа парламентад хандан уламжлалт илгээлт мэдэгдлээ хийлээ

Улс төр
Их Британийн хатан хаан 2-р Элизабет улсынхаа парламент, лордуудын танхимд хандан уламжлалт илгээлт мэдэгдлээ хийлээ. Их Британийн парламентын ээлжит чуулганы нээлтэд зориулж Хатан хаан Элизабет улс орны нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийсэн юм. Энэ удаагийн хатан хааны илгээлт мэдэгдэл хунтайж Филипп таалал төгсөөд удаагүй байгаа, мөн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ихэд даруухан, цомхон байдалд болжээ. 

Хатан хаан улсынхаа парламентад хандан мэдэгдэл хийхдээ энэ удаад өмнөх шигээ ёслол төгөлдөр байдалтай бус, харин энгийн даруухан байжээ. Тухайлбал хатан хаан мэдэгдэл хийх үеэрээ титмээ зүүгээгүй, харин дэргэдээ байрлуулсан байжээ. Мөн түүнчлэн Вестминстерийн ордонд хүрэлцэн ирэхдээ хатан хаан том хүү, хунтайж Чарльзын хамтаар машинаар ирсэн байна. Өмнө нь хатан хаан парламентад хандан үг хэлэхээр ирэхдээ сүйх тэрэгтэй, ёслол хүндэтгэлтэйгээр хүрэлцэн ирдэг байсан юм. Мөн Вестминстерын ордны гадна хатан хааныг хүндэт харуул жагсан угтдаг байсан бол энэ жил тийм ёслол үйлдээгүй байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан лордуудын танхимд жирийн үеийнхээс хоёр дахин бага төлөөлөгч байжээ. Тэдэнд цар тахлын вакцинд хамрагдсан байх, амны хаалт зүүх шаардлага тавьсан байна. Хатан хаан 2-р Элизабет ерөнхий сайд Борис Жонсоны тэргүүлж байгаа засгийн газар, парламентад хандан юуны түрүүнд COVID-19 коронавирусийн нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг үр дагавараа даван туулж, улс орны дэд бүтэц, эрүүл мэнд, техник технологийн салбарын хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг даалгажээ. Мөн хатан хаан дэлхий дахин COVID-19 цар тахалд өртөөд байгаа энэ хүнд цаг үед нэгдэн нийлж, сайн цаг эргэн ирэх цаг үеийг хүлээх нь зүйтэй гэжээ.