Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа

Энтертэйнмент

Америкийн кино академийн дээд шагнал Оскарт нэр дэвшиж байгаа уран бүтээл, уран бүтээлчдийг нэрлэлээ. Оскарын шагналд нэр дэвшигчдийг Америкийн кино академийн албан ёсны сайт дээр онлайнаар нэрлэсэн байна. 

Энэ жил 94 дэх удаагаа зохиогдох Оскарын кино наадмын шагнал гардуулах ёслол ирэх 3-р сарын 27-нд уламжлал ёсоор Лос Анжелес хотын Долби кино театрт болох юм. 

Өнгөрсөн онд Оскарын кино наадмын шагнал гардуулах ёслолыг цар тахлын улмаас Юнион Стэйшн төмөр замын буудлын амфитеатрт зохион байгуулж байсан юм. Тэгвэл энэ жил Оскарын кино наадам тогтсон уламжлалынхаа дагуу болно гэж мэдээлж байна.

2022 оны Оскарын кино наадамд найруулагч Жейн Кэмпионы бүтээл“Нохойн хүч” кино, Дэни Вильневын бүтээл “Дюна”, Кеннет Браны бүтээл “Белфаст” болон найруулагч Стивен Спилбергийн “Вестсайдын түүх” кино хамгийн олон төрөлд нэр дэвшсэн байна.

Эдгээр бүтээлээс Шинэ Зеландын найруулагч Жейн Кэмпионы“Нохойн хүч” кино хамгийн олон буюу нийт 12 төрөлд нэр дэвшсэн бол “Дюна” 10 төрөлд нэр дэвшиж, “Белфаст” болон “Вестсайдын түүх” кинонууд тус бүр 7 номинацид өрсөлдөж байна.

Оскарын шагналын шилдэг эмэгтэй жүжигчний номинацид Николь Кидман, Пенелопа Крус, Жессика Честейн, Оливия Колман, Кристен Стюарт нарын жүжигчид нэр дэвшсэн бол эрэгтэй шилдэг жүжигчний шагналд Хавьер Бардем, Уилл Смит, Дензел Вашингтон, Эндрю Гарфилд нарын жүжигчид багтжээ.

Оскарын шагнал гардуулах ёслол ирэх 3-р сарын 27-нд Лос Анжелес хотод болох юм.