Ван Гогийн зурсан эскиз зургийг Амстердамын музейд олонд дэлгэжээ

Энтертэйнмент

Нидерландын Амстердам хотод байрлах зураач Винсент Ван Гогийн музейд нэртэй зураачийн өмнө нь олон нийтэд үзүүлж байгаагүй зургийг дэлгэн тавьжээ. Энэхүү зураг нь хүнд хэцүү амьдралд нухлагдсан хөгшин тариачныг дүрслэн зурсан бүтээл юм. 

Нидерландын нэртэй зураачийн хар харандаагаар зурсан эскиз зураг саяхныг хүртэл хувийн цуглуулагчид хадгалагдаж байжээ. Нэрээ нууцлахыг хүссэн цуглуулагч энэ зураг нэртэй мастерынх мөн эсэхийг шинжлүүлэхээр музейд хандаж, улмаар зургийг түүний зөвшөөрөлтэйгээр олонд дэлгэжээ.

Мэргэжилтнүүд харандаан зургийг Ван Гогийн Гаагийн цаг үед зурсан зураг гэж үзэж байна. Пост-импрессионист зураач 1882 оны зун Гаагийн дор байрлах эдлэнд амьдарч эхлэхдээ ихэнхдээ харандаагаар эх зургаа гарган, дараа нь бийр будаг барьдаг байжээ.

Чухам энэ үедээ Ван Гог маш олон эскиз зураг зурсан байдаг юм. Ядуу тариачны зургийг ирэх 1-р сарын 2 хүртэл музейд байрлуулан, улмаар хууль ёсны өмчлөгчид нь буцаан өгөх гэнэ.