DIOR ЗАГВАРЫН ОРДОН ГРЕК ОРОНД ЗАГВАРЫН ШИНЭ КОЛЛЕКЦАА ЗОРИУЛЖЭЭ

Энтертэйнмент

Диор загварын ордон Олимпийн өлгийн нутаг Грек оронд загварын шинэ коллекцоо зориулжээ. Дэлхийн загварын томоохон ордон Грекийн нийслэл Афин хотын Панатинаикос цэнгэлдэх хүрээлэнд загварын шоугаа үзүүлсэн байна.

Орчин үеийн Олимпийн наадам анх болж байсан Панатинаикос цэнгэлдэх хүрээлэнд Диорын загварын шоу болжээ. Шинэ загварын коллекцоо Францын нэртэй ордон Грек улс тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж эхэлсний 200 жилийн ойд зориулсан байна. Загварын дизайныг гаргахдаа Грекийн сонгодог болон уламжлалт хэв маягийг тусгаж өгчээ. Түүнчлэн загварын коллекци дээр Грекийн дизайнерууд болон компаниуд ажилласан байна.

Диор ордон Грек орон Европын цаашдын соёл, уламжлалд онцгой нөлөө үзүүлсэнд хүндэтгэл үзүүлэн энэхүү үзүүлбэрээ зориулжээ. Диорын загварын ордны хувьд Афинд үзүүлсэн загварын шоу нь сүүлийн 9 сарын хугацаанд зохион байгуулсан анхны нээлттэй үзүүлбэр байжээ. Гэхдээ энэ удаад ч мөн үзэгчдийн тоо хязгаартай, зөвхөн тусгай урилгаар нэвтрүүлжээ.

Грекийн эрх баригчид Диорын Грек оронд зориулсан загварын коллекцийг танилцуулах, сурталчилгааны зураг авахад Акрополь, Олимпийн Зевсийн сүм зэрэг түүхэн дурсгалт газруудаа нээж өгчээ.