Бразилчууд ардчиллын төлөө жагсаж байна

Үйл явдал

Ерөнхийлөгч асан Жаир Болсонарогийн дэмжигчид дээд шүүхийн байр луу нэвтрэн орж, конгрессын танхим, ерөнхийлөгчийн ордонг бүсэлж эмх замбараагүй байдал үүсгэсэн. Тэгвэл даваа гарагт олон мянган хүн нийслэл хотын төв талбайд үймээн дэгдээгчдэд тохирох шийтгэл ногдуулахыг шаардан жагсжээ.  

Бразилын нийслэл хотын Паулиста өргөн чөлөө үймээн самууныг эсэргүүцэгчдээр дүүрчээ. Тэд ихэнх нь “ардчилал бол үүрд мөнх” гэсэн уриа лоозон барьцгаасан байна. Жагсагчдын төлөөлөгч Нето Дуарте хэлэхдээ энэ халдлага 1964 онд цэргийн дарангуйлал тогтоосон Бразилын төрийн эргэлтээс хойшхи түүхэн дэх хамгийн муу өдөр байлаа гэжээ. 

Ням гарагт 4000 орчим Болсонарогийн дэмжигчид автобусаар хотын төвд иржээ. Тэд хэдийнэ бэлэн байсан бусад тэмцэгчидтэй нэгдэн конгрессын танхим руу явсан. Цагийн дараа жагсагчид цагдаагийн хамгаалалтын нэвтлэн, конгрессын танхимыг сүйтгэж, зарим нь ерөнхийлөгчийн ордонд дайран орж, урлагийн бүтээл болон тавилгуудыг эвдсэн юм. Тэд улмаар дээд шүүхийн байрны шилэн ханыг хагалж орсон байна. цагдаа нар даралтат ус болон утаат бөмбөг ашиглан жагсагчдыг тараажээ. Үүнээс хойш ойролцоогоор 1500 хүнийг барьж саатуулсан байна. 

10-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр зүүний үзэлтэн Луиз Инасио Лула да Силва ялж, 1-р сарын 1-нд үүрэгт ажлаа хүлээн авсан юм. Тэрээр буруутай этгээдүүдэд зохих арга хэмжээ авна гэж амласан. Лула үймээн самуун дэгдээгчдийг ардчиллыг түлхэн унагахыг оролдсон гэж буруутгалаа. Харин ерөнхийлөгч асан Болсонаро ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө АНУ-руу ниссэн. 2018 оны сонгуулийн кампанит ажлын үеэр хутгалуулсан шарх нь сэдэрч өвдсөн учраас эмнэлэгт хэвтсэн гэсэн ч эмнэлгийн зүгээс түүний биеийн байдал ноцтой биш, мэс засал шаардлагагүй гэж мэдэгдсэн байна.