Старбакс Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож байна

Үйл явдал

Олон улсад салбартай Старбакс кофеины сүлжээ Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож байна. Америкийн компани Оросын зах зээлд нэвтрээд 15 жилийн дараа энэ улс дахь салбаруудаа хааж, Оросоос гарч байгаагаа мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар Оросод Старбаксын 130 гаруй салбар үйл ажиллагаагаа явуулж байжээ. Гэвч Украины эсрэг дайн, Оросын эсрэг хоригоос шалтгаалан Старбакс үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Орос дахь салбаруудаа хааж, Оросын зах зээлээс гарах болсон тухайгаа Старбаксын удирдлагууд анх 3-р сарын 8-нд мэдэгдэн, улмаар энэхүү үйл явцаа эхлүүлээд байжээ.

Старбаксын Орос дахь салбаруудад 2 мянгаад хүн ажиллаж байсан. Тэдэнд ажилгүйдлийн тэтгэмж болгон ойрын 6 сарын цалинг нь тооцож олгохоор болсноос гадна шинэ ажлын байр хайхад нь мөн дэмжлэг үзүүлж байна.