Украинаас 10 сая гаруй хүн дүрвээд байна

Үйл явдал

ОХУ, Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш сар орчмын хугацаа өнгөрөөд байна.

Тэгвэл энэ хооронд Украинаас өнөөдөр энэ улсын 10 сая гаруй иргэн орон гэрээ орхин дүрвээд байна. Тэдний зарим нь улсаа орхин явсан бол нөгөө хэсэг нь улс орон дотроо аюулгүй газар бараадан шилжилт хөдөлгөөн хийжээ. 

Украины Мариуполь хот Оросын цэргийнхэний бүслэлтэд байж, өнөөдөр энэ хотод гол тэмцэл тулаан үргэлжилж байгаа юм. Мариуполь хотыг орхин зугтаж байгаа иргэд Львов хотод ирж байна. Өнөөдрийн байдлаар Украины эрх баригчдаас өгч байгаа албан ёсны мэдээллээр Украины 10 сая гаруй иргэн орон гэрээ орхин дотоодод болон гадаад улс орнууд рүү дүрвээд байна.

НҮБ-ын мэдээлж байгаагаар Украиныг өнөөдөр 3 сая 380 мянга гаруй иргэн орхин гадагшаа дүрвээд байна. Тэдний дийлэнх нь хөрш зэргэлдээх Польш, Румын, Молдав улсуудыг зорин очжээ. Украинтай хил залгаа Польш улс руу хамгийн олон тооны иргэн дүрвээд байгаа юм.

Герман улс Украины 200 мянган дүрвэгчийг хүлээн аваад байна. Түүнчлэн Украины иргэд дотооддоо шилжилт хөдөлгөөн хийж, орон гэрээ орхисон хүний тоо 10 сая давжээ.