ОРТ сувгийн редактор Марина Овсянниковад захиргааны арга хэмжээ авчээ

Үйл явдал

Оросын телевизийн 1-р сувгийн үдшийн мэдээний хөтөлбөрийн шууд эфирийн дундуур Украин дахь дайн тулаанаа зогсоохыг шаардсан ОРТ сувгийн редактор Марина Овсянниковад захиргааны арга хэмжээ авчээ. Түүнийг шууд эфир үймүүлж, дайныг эсэргүүцсэн уриа лоозон барьж, бусдыг өдөөн хатгасан үйлдэл гаргасны дараагаар Москва хотын Останкино дүүргийн хууль хүчний байгууллагынхан түр саатуулсан юм. 

Оросын телевизийн 1-р сувгийн “Время” мэдээллийн хөтөлбөрийн дундуур энэ сувгийн редактор Марина Овсянникова шууд эфирийн дундуур нэвтрүүлэгчийн дэргэд зогсч, гартаа “Дайнаа зогсоо!” гэсэн уриалга бүхий цаас барин, Оросын иргэдийг дайны эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд уриалжээ. Энэ үеэр нэвтрүүлэгч Екатерина Андреева мэдээгээ үргэлжлүүлэн танилцуулж, улмаар дүрс өгч, шууд эфир үймүүлсэн сэтгүүлчийг гаргажээ.

Сүүлд тодорхой болсноор Овсянниковад шууд эфир үймүүлж,  мэргэжлийн ёсзүйгүй үйлдэл гаргасных нь төлөө биш харин олон нийтийн цахим хуудсанд бусдыг өдөөн хатгасан бичлэг оруулсных нь төлөө захиргааны хариуцлага оногдуулан 30 мянган рублиэр торгох шийтгэл оноожээ.

Марина Овсянниковашууд эфирийн дундуур орж, дайныг эсэргүүцэхээсээ өмнө видео бичлэг хийн олон нийтийн цахим сүлжээгээр тарааж, дайнаа зогсоож, энхтайваны төлөө нэгдэхэд уриалжээ. Овсянникова түүнд тулгасан хэрэгт гэм буруугүй гэж өөрийгөө үзэн, хийсэн үйлдлийнхээ төлөө мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна.