Дани Улс 2010 оноос хойш төрсөн иргэдэд тамхи зарахыг хориглолоо

Үйл явдал

Дани Улс ирээдүйд тамхигүй нийгмийг цогцлоохын төлөө 2010 оноос хойш төрсөн хэнд ч бай тамхи зарахыг хориглолоо.

Эрүүл мэндийн сайд Магнус Хюнике

"2010 он болон түүнээс хойш төрсөн бүх хүмүүс хэзээ ч тамхи татахгүй, никотин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх гэж найдаж байна"

гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. 

"Мөн шаардлагатай бол бид насны хязгаарыг аажмаар нэмэгдүүлэх замаар энэ үеийнхэнд (эдгээр бүтээгдэхүүнийг) худалдахыг хориглоход бэлэн байна"

гэж тэрээр мэдэгдэлдээ онцолжээ.

Одоогоор Дани Улсад тамхи эсвэл электрон тамхи худалдаж авахын тулд заавал 18 нас хүрсэн байх ёстой.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 15-29 насны залуучуудын 31 орчим хувь нь тамхи татдаг.

Тамхи татах нь 5.8 сая хүн амтай тус улсад хорт хавдрын гол шалтгаан болж байгаа бөгөөд жилд 13,600 орчим хүн тамхины хор уршгийн нөлөөгөөр нас бардаг.

Данийн хорт хавдрын нийгэмлэгийн явуулсан санал асуулгаар судалгаанд хамрагдсан хүмүүсийн 64% нь Данийн засгийн газрын төлөвлөгөөг дэмжсэн бөгөөд тэдгээрийн 67 хувь нь 18-34 насны иргэд байна.