НҮБ, Афганистаны иргэдэд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх хоёр хөтөлбөр хэрэгжүүлнэ

Үйл явдал

НҮБ, Афганистаны иргэдэд хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөрт зориулан 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт төвлөрүүлэхээр олон улсын нийгэмлэгээс хандив тусламж үзүүлэхэд уриалжээ. 

НҮБ-аас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хүмүүнлэгийн хоёр хөтөлбөр нь Афганистаны иргэд болоод дайн тулаан, үймээнээс зугтан дүрвэсэн энэ улсын иргэдэд чиглэж байгаа юм.

НҮБ-ын үзэж байгаагаар өнөөдөр Афганистаны 22 сая гаруй иргэнд нэн даруй хүмүүнлэгийн тусламж дэмжлэг шаардлагатай байгаа юм. Энэ нь Афганистаны нийт хүн амын бараг тал хувь нь юм. Түүнчлэн дайн тулаан, хямралаас зугтан дүрвэсэн 5 сая гаруй хүнд яаралтай тусламж дэмжлэг шаардлагатай байна.

Афганистанд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал, гадны хоригоос шалтгаалан ажилгүйдэл газар авч, хүн ам нь орлогогүй, хоол хүнсгүй хоцорч, өдөр хоногийг өлмөн зэлмүүн өнгөрүүлж байгаа юм.

Афганистаны  хэдэн мянган хүүхэд хүйтэнд даарч бээрэн, өвчин зовлонд шаналж, хоол хүнсний дутагдалд оржээ. НҮБ, Афганистанд хүмүүнлэгийн гамшиг нүүрлээд байгаа талаар анхааруулж, хүйтэн цастай өвлийг даван туулахад ихээхэн хүндрэл бэрхшээл тулгарч байгаа талаар мэдээлж байна.