Хийлдэг аварга том тоглоомон дээрээс хүүхдүүд унаж бэртэн амиа алдсан золгүй явдал болжээ

Үйл явдал

Австралид хийлдэг аварга том тоглоомон дээрээс хүүхдүүд унаж бэртэн амиа алдсан золгүй явдал болжээ. Энэ явдал Австралийн Тасмани арал дээрх Девонпорт хотын Хиллкрест бага сургуулийн төгсөлтийн баяр дээр болсон байна. 

Хиллкрест сургуульд төгсөлтийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээний үеэр золгүй явдал болжээ. Аварга том хийлдэг ордон дээр гулгаж тоглож байсан хүүхдүүд 10 метрийн өндөр дээрээс унасан байна.

Хийлдэг цамхаг хүчтэй салхинд хийссэнээс сууринаасаа салж, улмаар дээр нь тоглож байсан 5 хүүхэд амиа алдан, 4 хүүхэд гэмтэж бэртжээ. Австралийн ерөнхий сайд болсон хэрэг явдлыг “үнэхээр санаанд багтамгүй золгүй явдал” гэж нэрлэн амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

Золгүй явдал өглөө эрт болж, хичээлийн сүүлийн өдрөө тэмдэглэж байсан 10-12 насны хүүхдүүд хийлдэг цамхаг, бусад тоглоомон дээр тоглож байжээ. Гэвч гэнэт хүчтэй салхи дэгдэн хийлдэг тоглоомуудыг бэхэлгээнээс нь салгасан байна. Хийлдэг тоглоом салхинд хийсэх тохиолдол гардаг ч хүний амь үрэгдэж байсан тохиолдол цөөн байдаг юм.