НҮБ-аас бага сургуулийн хүүхдүүдийн үдийн цайны хөтөлбөрийг дахин сэргээж байна

Үйл явдал

Цар тахлын улмаас сүүлийн 2 жил дэлхийн улс орнуудад хүүхэд багачуудын хичээл сургууль завсардсан. Тэгвэл цар тахлын халдвар буурч, вакцинжуулалт хийгдэн, улмаар хичээл сургууль сэргэж байгаатай холбоотойгоор НҮБ-аас бага сургуулийн хүүхдүүдийн үдийн цайны хөтөлбөрийг дахин сэргээж байна.

НҮБ-ын мэдээлж байгаагаар дэлхийн 60-аад улс оронд бага сургуулийн сурагчдад үнэгүй үдийн хоол өгөх хөтөлбөрийг сэргээж байна. Цар тахлын халдвараас өмнө дэлхий даяар нийт бага ангийн сурагчдын тал хувь нь буюу 400-аад сая хүүхэд үдийн цайны хөтөлбөрт хамрагдаж байжээ.

Тэгвэл коронавирусний халдвар цар тахал болон дэгдсэнээс шалтгаалан дэлхийн 199 улс оронд хичээл сургууль завсардан, үүнтэй зэрэгцээд 370 сая гаруй хүүхэд үдийн цайгүй хоцорчээ. Энэ нь ядуу буурай улс орнуудын хүүхэд багачуудад сөргөөр нөлөөлжээ. Тэгвэл НҮБ-ын уриалгаар дэлхийн 60-аад улс оронд үдийн цайны хөтөлбөрийг дахин сэргээхээр болсон байна.