ЭСТОНИ: 27 жилийн өмнө осолдсон гатлагат онгоцны ослын шалтгааныг тогтоосон байна

Үйл явдал

Эстонид одоогоос 27 жилийн өмнө осолдсон гатлагат онгоцны ослын шалтгаан нөхцлийг тайлж тогтоосон байна. Таллинд Эстони, Финлянд, Швед гэсэн гурван орны шинжээчид гатлагат хөлгийг чулуулаг гадаргуу мөргөснөөс ёроолдоо гэмтэл авч, улмаар живсэн гэж үзэн хамтарсан дүгнэлт гаргажээ. 

“Эстония” нэртэй гатлагат онгоцны сүйрлийн шалтгааныг тогтоохоор олон улсын шинжээчдийн баг ажиллажээ. Дискавери танин мэдэхүйн суваг өнгөрсөн намар “Эстония” гатлагат онгоцны сүйрлийн талаар өгүүлсэн баримтат кино гаргажээ.

Энэхүү кинон дээр Шведын кино бүтээгчид хөлөг онгоцны ёроод маш том хэмжээний цооролт үүссэнээс хөлөг осолдсон гэж харуулжээ. Энэ нь шинжээчдийг ослын шалтгааныг дахин нягтлан үзэхэд хүргэж, дээрх дүгнэлтийг гаргасан байна.

“Эстония” хөлөг 1994 оны 9-р сард Таллин хотоос Шведын Стокгольм хотыг чиглэн явж байхдаа осолдон, хөлөг дээр байсан 989 хүнээс ердөө 137 нь аврагдан, бусад зорчигч харамсалтайгаар амиа алджээ. Тухайн үед хөлгийн ослын шалтгааныг хөлгийн хамар хэсэгт гарсан гэмтлээс болсон гэж тогтоож байжээ.