Жагсаалд оролцогсод цөмийн эрчим хүчний хэрэглээг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна

Үйл явдал

Германы нийслэл Берлин хотын төвд, Бранденбургийн хаалганы дэргэд хэдэн зуун хүн цуглан жагсаал цуглаан хийжээ. Тэд цөмийн эрчим хүчний хэрэглээг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

Берлин хотноо болсон жагсаал цуглаанд оролцогсод улсынхаа эрх баригчдад хандан Германы нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа сүүлийн зургаан цөмийн станцын үйл ажиллагааг зогсоох төлөвлөгөөнөөсөө татгалзахыг шаардаж байжээ.

Германы Засгийн газар 2022 оны сүүлч гэхэд цөмийн эрчим хүчний хэрэглээнээс бүрэн татгалзах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ улсын байгаль орчны сайдын үүрэг гүйцэтгэгч Свенья Шульце өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хийсэн мэдэгдэлдээ улс орон нь эрчим хүчний үнэ өсч байгаатай холбоотойгоор цөмийн эрчим хүчний хэрэглээнд шилжих байр суурийг үгүйсгэсэн юм.

Тэрээр улс орныхоо эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Германы Бундестаг 2038 оноос өмнө нүүрсний эрчим хүчний хэрэглээнээс бүрэн татгалзах хуулийн төслийг дэмжин баталсан юм.