Францын нэртэй жүжигчин Жан Поль Бельмондо таалал төгсчээ

Үйл явдал

Францын театр киноны нэртэй жүжигчин Жан Поль Бельмондо 88 насандаа таалал төгсчээ. Францын төдийгүй дэлхийн кино урлагийн нэртэй төлөөлөгч Парис дахь гэртээ энэ сарын 6-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Түүний нас барсан шалтгааны талаар гэр бүлийнхэн нь мэдээлээгүй байна.

Нэртэй жүжигчний хуульчийн мэдээлснээр жүжигчин сүүлийн үед ихэд ядарч сульдаж байсан гэнэ. Гэхдээ Бельмондо энэ ертөнцийг тайван амгалан байдалд орхисон гэж ярьжээ.

Жан Поль Бельмондог Францчууд “Бебель” гэж хүндэтгэн дууддаг байсан юм. Түүний тод томруун, хэзээ ч давтагдашгүй тоглолт, чин сэтгэлийн инээмсэглэлийг үзэгчид хэзээ ч мартахгүй. Бельмондо кино урлагт зүтгэсэн 60 гаруй жилийн хугацаанд 80 гаруй кинонд тоглож, Францын кино урлагийг дэлхийд таниулсан нэр алдартай жүжигчин байсан юм. Тэрээр 1933 оны 4-р сарын 9-нд мэндэлжээ.

Тэрээр анхны кинондоо 1956 онд 23 настайдаа тоглож, найруулагч Жан Люк Годарын “Сүүлийн амьсгал” кинонд бүтээсэн дүр Бельмондод анхны нэр алдар авчирч байжээ. Бельмондо Францын нэртэй кино найруулагчид болох Жан Люк Годар, Луи Маль, Франсуа Трюффо, Клод Шабролийн кинод тоглож байсан юм. Жан Поль Бельмондо зүрхний шигдээсийн улмаас 2001-2008 онуудад кино урлагаасаа хэсэг хөндийрчээ.

2015 онд тэрээр мэргэжилдээ эргэн ирж байгаагаа мэдэгдсэн ч төдийлөн кинонд тоглоогүй юм. 2016 онд Бельмондо кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө “Алтан арслан” шагнал хүртэж, 2019 онд Францын Хүндэт легионы одон авч байжээ.