Япон Улс Афганистан руу хоёр цэргийн онгоц илгээлээ

Үйл явдал

Япон улс Афганистанаас өөрийн орны иргэд, Кабул дахь Японы ЭСЯ-ны ажилтан, албан хаагчдаа нүүлгэн шилжүүлэх зорилгоор цэргийн ачааны хоёр нисэх онгоцоо илгээлээ. Цэргийн C-130 онгоцоор Афганистанаас нүүлгэн шилжүүлэлт хийж, хөрш зэргэлдээх улс орнууд руу аваачна.

Афганистаныг зорих цэргийн онгоцнууд Японы нийслэл Токио хотоос холгүй байрлах Ирума агаарын цэргийн баазаас хөөрчээ. Дэлхийн халуун цэгээс иргэдээ нүүлгэн шилжүүлэх үүрэг хүлээсэн Японы цэргийн онгоцны нислэгийг агаарын хүчний армийн командлагч Канеко Шиничи удирдан явуулах юм. Японы тал цэргийн онгоцоор Афганистанаас өөрийн орны иргэд болоод Японы ЭСЯ-нд ажиллаж байсан нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх юм. Мөн түүнчлэн Японы ЭСЯ болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, агентлагийн ажилтнуудыг, мөн Японы байгууллагуудад хэлмэрч орчуулагч, туслах зэрэг ажил хийж байсан Афганистаны иргэд, тэдний гэр бүлийг мөн нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Япон улс Афганистанд дотоодын хямрал хүчирхийлэл гаарч, талибаны бүлэглэл улс орныг эзэлсний дараагаар Кабул дахь ЭСЯ-аа түр хугацаагаар хаасан юм.