Entertainment

Дэлхийн хамгийн баян чинээлэг эрхмүүдийн нэг болох Франсуа Пино болон түүний хүү Франсуа Анри нар өмнө нь өгсөн амлалтынхаа дагуу Парисын Эх дагинын цогчин сүмийн сэргээн босголтын үйл явцад зориулан 100 сая евро хандивлажээ. 

Франсуа Пино болон Франсуа Анри нар Парисын тэргүүн хамба лам Мишель Опетитай Нортдам сүмийн сэргээн босголтод зориулан мөнгө хандивлах талаар гэрээ байгуулжээ. Францын Le Figaro сонинд өгсөн ярилцлагадаа Франсуа Пино “харамсалтай нь өнгөрсөн 4-р сарын 15-нд Франц орны бахархал, дэлхийн өв соёлын салшгүй нэгэн хэсэг болсон Нотрдамын Эх дагины цогчин сүм шатсан. Бид хүн төрөлхтөний их өв соёлыг хадгалж, сэргээн босгоход зайлшгүй гар бие оролцох ёстой. Тийм ч учраас бид өмнө нь өгсөн амлалтандаа хүрч өнөөдөр хандивын мөнгөө шилжүүлэх гэрээ байгууллаа гэжээ.

Францын нийслэл Парис хотын гол билэг тэмдгүүдийн нэг болох Парисын Дарь эхийн сүм буюу Эх дагинын цогчин сүм өнгөрсөн 4-р сард галд автан шатсан юм. Европын хамгийн эртний нийслэл хотуудын нэг болох Францын нийслэл Парис хотын гол нүүр царай, нэрийн хуудсуудын нэг болох тэртээ 13-р зуунд баригдсан хэдэн зууныг элээн бидний өнөөгийн цаг үед ч мөн сүндэрлэн, Парис хотын гол билгэдэл болж байсан эртний сүмийн барилгад гал гарсан нь зөвхөн Франц орон төдийгүй дэлхий нийтийн соёлын өв санд томоохон гарз хохирол болсон. Өнөөдрийн байдлаар Нотрдам сүмийг сэргээн босгох үйл явцад нийтдээ 380 сая еврогийн хандивын хөрөнгө мөнгө цуглараад байгаа юм.