Entertainment

Германы Дрезден хотын Үндэсний сан хөмрөгт урт гартнууд нэвтэрч, түүхэн үнэ цэнэтэй маш ховор эд зүйлсийг хулгайлсан байна. Урт гартнууд Саксонийн хаадын үе залгамжлан эдэлж хэрэглэж явсан гоёл чимэглэлийн үнэт зүйлсийг авч оджээ.

Нийтдээ урт гартнууд Үндэсний өв сангийн музейгээс гурван цуглуулга бүхий бараг зуугаад гоёл чимэглэлийн зүйлс хулгайлан одсон байна. Музейн хяналтын камерт хулгай хийсэн хоёр хүний дүрс бичлэг бууж, хууль сахиулагчид хулгайн хэргээр мөрдөн шалгах ажил явуулж эхлээд байна. Мөрдөгчдийн таамаглаж байгаагаар урт гартнууд музейн 1-р давхрын цонхны торыг сэтлэн, шилийг нь хагалж дотогш нэвтрэн, улмаар гоёл чимэглэлийн эд зүйлс бүхий хорго руу очин доторхыг нь хаман машинд суун одсон байна. Цагдаа нар хэрэг үйлдэгдсэнээс хойш удалгүй иржээ. Хулгай гарахаас өмнө музейн ойролцоох цахилгааны щитэд гал гарч, улмаар энэ хавийн дүүрэг эрчим хүчгүй хоцорсноос дохиоллын систем нь ажиллаагүй байна.

Дрездены музейгээс алдагдсан зүйлс түүхийн ховор нандин эдлэлд тооцогдож байгаа учраас мөнгөөр үнэлэх аргагүй юм. Германы Bild сонины мэдээлж байгаагаар дор хаяж тэрбум еврогийн хохирол учирчээ.