Телевизийн редактор “Украины дайныг зогсоо” гэсэн бичиг барин шууд эфирээ үймүүлжээ

Үйл явдал

Оросын телевизийн 1-р сувгийн эфирээр даваа гарагийн орой нэвтэрсэн мэдээллийн шууд хөтөлбөрийн үеэр хэний ч санаанд оромгүй явдал болжээ. 1-р сувгийн үдшийн мэдээллийн хөтөлбөрийн дундуур хөтлөгчийн ард Украины дайныг зогсоо гэсэн утгатай бичиг барин телевизийн нэгэн редактор шууд эфирээ үймүүлжээ.  

Оросын телевизийн 1-р сувгийн “Время” мэдээллийн хөтөлбөрийн дундуур энэ сувгийн редактор Марина Овсянникова шууд эфирийн дундуур нэвтрүүлэгчийн дэргэд зогсч, гартаа “Дайнаа зогсоо!” гэсэн уриалга бүхий цаас барин, Оросын иргэдийг дайны эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд уриалжээ. Энэ үеэр нэвтрүүлэгч Екатерина Андреева мэдээгээ үргэлжлүүлэн танилцуулж, улмаар дүрс өгчээ.

Сүүлд тодорхой болсноор Овсянникова шууд эфирийн дундуур орж, дайныг эсэргүүцэхээсээ өмнө видео бичлэг хийн олон нийтийн цахим сүлжээгээр тарааж, дайнаа зогсоохыг хүсчээ. Тэрээр түүний эцэг украин, ээж нь орос, энэ хоёр ард түмэн хэзээ ч өнөөдрийнх шиг дайтаж тулалдаж яваагүй, Украины дайныг Оросын тал өдүүлсэн шигээ нэн даруй зогсоох нь зүйтэй гэжээ.

Шууд эфирийг үймүүлсэн сэтгүүлчийг мэргэжлийн ёсзүйгүй үйлдэл гаргасан гэж үзэн захиргааны хариуцлага оногдуулахаар болжээ.