ЕХ нь ОХУ-аас авах эрчим хүчний хэмжээгээ бууруулна

Үйл явдал

АНУ, Оросын эсрэг ийнхүү хориг тавихтай зэрэгцээд ЕХ мөн Оросоос авах эрчим хүчний хэрэглээгээ бууруулах шийдвэр гаргалаа.

ЕХ-ны удирдлага Украины асуудлаас шалтгаалан Оросын эсрэг тавьсан хоригт нэгдэн, эрчим хүчний эх үүсвэрээ хангах өөр эх сурвалж хайж байна. 

ЕХ-ны хувьд Оросын эрчим хүчний эх үүсвэрээс татгалзах нь маш хүнд хэцүү шийдвэр юм. Учир нь ЕХ-ны улс орнууд Оросын эрчим хүчний нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байдаг юм. Брюссель Вашингтоны хоригийг дэмжин нэгдэж байгаа ч хоригоо харьцангуй зөөлөн нөхцөлтэйгээр тавьж байна. Еврокомиссын албаны хүний мэдээлж байгаагаар ЕХ энэ оны сүүлч гэхэд Оросоос авах байгалийн хий, газрын тосны хэмжээгээ 3/2 дахин бууруулахаар төлөвлөж байна. Гэхдээ шууд 100%-ийн хориг тогтоохгүй гэдгээ мэдэгджээ. Страсбург хотноо Европарламентын хуралдааны үеэр Оросын эрчим хүчнээс хараат байдлаа шийдэж, өөр эх сурвалж хайхаар хэлэлцэж байна. Оросын тал Украины эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш Европт байгалийн хий болон газрын тосны үнэ огцом нэмэгдээд байгаа юм. Европын улс орнууд Оросоос авч байсан эрчим хүчний эх үүсвэр, шингэрүүлсэн байгалийн хийг Катар, Америк зэрэг орноос авахаар судлаж байна. Түүнчлэн Европын орнууд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих үйл явцыг түргэсгэхээр ажиллаж байгаа юм.