Францын ерөнхийлөгчийн сонгуульд 12 нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ

Улс төр

Францад ирэх 4-р сарын 10-нд ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэгвэл Францын СЕХ ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа улс төрчдийн нэрийг албан ёсоор зарлаж, сонгуулийн кампанит ажил эхэлснийг мэдэгджээ. 

Нийтдээ Францын ерөнхийлөгчийн сонгуульд 12 нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ. Хамгийн сүүлд сонгуульд нэр дэвшихээ Францын одоогийн төрийн тэргүүн Эммануэль Макрон илэрхийлж, сонгуулийн хороонд албан ёсны баримтаа өгчээ.

Нийтдээ сонгуульд нэр дэвших хүсэлтээ 65 хүн илэрхийлснээс сүүлийн мөчид 12 нэр дэвшигчийг албан ёсоор батламжилсан байна. Энэ талаар Францын үндсэн хуулийн цэцийн тэргүүн Лоран Фабиус мэдээлжээ.

Францад 1965 оноос хойш ерөнхийлөгч хоёр дахь шатны сонгуулиар тодорч байжээ. Тиймээс сонгууль хоёр үе шаттай явагдана гэдгийг тооцон үзэж, 4-р сарын 10-нд эхний шатны сонгуулийн товыг тогтоон, мөн 4-р сарын  24-нд хоёр дахь шатны сонгууль явуулахаар тогтжээ.