Үйл явдал

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Лондонд НАТО-ийн дээд уулзалтад оролцон завгүй байх зуурт эх оронд нь өнөөдөр бүх нийтийг хамарсан ажил хаялт өрнөжээ. Францын иргэд төр засгаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зохион байгуулж байгаа юм.

Бүх нийтийн ажил хаялтаас шалтгаалан өнөөдөр Францын нийслэл Парис хотноо нийтийн тээвэр ажиллаагүй байна. Түүнчлэн төмөр замын хөдөлгөөн зогсч, хот хоорондын хурдны галт тэрэгнүүд явахгүй байгаан дээр агаарын нислэгүүд цуцлагджээ. Францын сургууль цэцэрлэгүүд ч үйл ажиллагаагаа зогсоосон байна. Бүх нийтийн ажил хаялтад нэгдэхийг цагдаа хүчний байгууллагуудыг нэгтгэдэг Францын үйлдвэрчний хоёр томоохон холбоо мөн уриалжээ. Түүнчлэн шуудан холбоо ч мөн ажиллахгүй байна.

Францын төрийн албан хаагчид тэтгэвэр тэтгэмжийн хуулинд оруулахаар төлөвлөж байгаа өөрчлөлт шинэчлэлтийг эсэргүүцэж байгаа юм. Францад өрнөсөн бүх нийтийн ажил хаялтад энэ улсын нийт иргэдийн 60% нь нэгдээд байна.