“Ида” хар шуурганы улмаас АНУ-д сая гаруй хэрэглэгч эрчим хүчгүй хоцорлоо

Үйл явдал

Атлантын далайн уснаа үүсч, Ида нэр авсан далайн хар шуурга Мексикийн тохойд хүрч, улмаар Америкийн Луизиана мужийн нутгаар шуурч байна. Гамшигт үзэгдлийн улмаас сая гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй хоцорч, Энтержи эрчим хүчний компанийн мэдээлснээр цахилгаан дамжуулах шугамуудад нь гэмтэл гарчээ.

Ида далайн хар шуурганд аюулын 4-р зэрэг олгон, гамшгийн бүсэд онцгой байдал зарлаад байна. Луизиана, Шинэ Орлеаны нутаг дэвсгэрийг дайран өнгөрч байгаа далайн хар шуурга 2005 онд нүүрлэсэн Катрина шуурганаас хойшхи хамгийн хүчтэй байгалийн үзэгдэл болох аюултай байна. Цаг уурчдын мэдээлж байгаагаар хар салхины хүч голомтдоо цагт 240 км хүртэл ширүүсэн шуурч байгаа юм. Салхины хүч цаашид нэмэгдэж болзошгүй байгаагаас эрэг дагуух 320 км газар нутгаас иргэдээ аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж байна. 16 жилийн өмнө нүүрлэж байсан Катрина хар шуурганы улмаас 1,800-аад хүн амиа алдаж, 100 тэрбум долларын эдийн засгийн хор хохирол учирч байжээ.