Үйл явдал

Араб, Израилийн хоорондын хямрал дахин олон улсын анхаарлын төвд орж, Израилийн цэргийнхэн болон Исламын жихад бүлэглэлийнхэн харилцан гал нээж, нөхцөл байдал хурцаджээ. Исламын жихад бүлэг Еврейн улс орны газар нутаг тийш хэд хэдэн удаа пуужингаар харваж, барилга байшин зам гүүр өртсөний дараагаар Израилийн агаарын хүчин хариу гал нээж, цохилт дайралт хийсэн байна.

Палестины “Исламын жихад” бүлэглэлийн дайчдын харвасан пуужин Израилийн Сдерот хотын нутагт тусч, зам барилга байшингууд өртжээ. Үүний дараагаар Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдэл хийж:- Израиль улс бүс нутгийн хямралыг гааруулахыг хүсэхгүй байна. Гэвч бид газар нутгаа гадны халдлагаас хамгаалахын тулд шаардлагатай бүх алхмаа авах болно гэжээ. Нетаньяху үүгээрээ Палестины алан хядах бүлэглэлийн эсрэг шаардлагатай бол удаан хугацааны тэмцэл хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Палестины “Исламын жихад” бүлэглэл нөлөө бүхий удирдагчдынх нь аминд халдсан явдлын дараагаар Израилийн нутаг дэвсгэр лүү өгөх цохилтоо сэргээжээ. Тэд Гаазын зурвасаас Израилийн зүг 10-аад пуужин харвасан байна. Тэдгээр пуужингийн талыг нь Израилийн ПЭХСистемийн тусламжтай замаас нь тогтоон барьж, үлдсэн нь Сдерот хотод тусчээ. Палестины алан хядах бүлэглэлийн пуужингийн цохилтод хэд хэдэн хүн өртсөн талаар мэдээлж байгаа юм.

Мягмар гарагийн өглөө “Исламын жихад” бүлэглэлин нөлөө бүхий удирдагчдын нэг 42 настай Баха Абу аль Аттагийн амьдардаг байрыг Гаазын зурвасаас харвасан пуужин оносон юм. Израилийн цэгэн цохилтын дүнд Баха Абу аль Атта болон түүний эхнэр өртөн амиа алдаж, гэрт нь байсан 4 хүүхэд, нэг том хүн гэмтэж шархаджээ. Израилийн тал Аль Аттаг улсынх нь нутаг дэвсгэрт алан хядах ажиллагаа зохион байгуулсанд буруутгаж байсан юм.