Үйл явдал

Шведын хууль хүчний байгууллагынхан дээрэм, танхай, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэгдсэн арга хэмжээгээ чангатгажээ. Өнгөрсөн бямба гарагт Шведын Мальмё хотын гудамжнаа гэгээн цагаан өдөр буудалцаан дэлбэрэлт болсны дараагаар ийм арга хэмжээ авахаас аргагүй байдал үүссэн гэж цагдаагийн байгууллага мэдээлж байгаа юм.

Мальмё хотод хууль бус хар тамхины наймаачдын хооронд болсон буудалцааны улмаас 15 настай өсвөр насны хүү амиа алджээ. Европын тайван амгалан улс орнуудын нэг болох Шведэд он гарснаас хойш гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж, өнгөрсөн хугацаанд 180 гаруй дэлбэрэлт болж, 26 хүн галт зэвсгийн суманд оногдон амиа алдсан байна.

Стокгольм хотын цагдаагийн газраас 10-р сард гаргасан тайланд дурьдсанаар элдэв гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой 1,500 гаруй хүн хуулийн байгууллагад бүртгэгдэж, ингэхдээ тэдний нас залуужин, 16-аас доош насны өсвөр насны хүүхдүүд элдэв гэмт хэрэгт холбогдох болжээ.

Тэгвэл Швед улстай хил залгаа байрлах Дани улс Шведэд гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ улстай залгаа хилийн бүс дэх харуул хамгаалалтаа нэмэгдүүлж, ирэх хагас жилийн хугацаанд баримт бичгийг шалгалтыг чангатгана гэдгээ мэдэгджээ.