Улс төр

Польшид ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хугацааг тогтжээ.

Польшид өнгөрсөн 5-р сарын 10-нд ерөнхийлөгчийн сонгууль болох ёстой байсан ч цар тахал, улс төрийн хямрал зэргээс шалтгаалан хойшлогдож, улмаар энэ сарын 28-нд сонгууль явуулахаар тогтсон байна.

Энэ талаар Польшийн парламентын доод танхим буюу сеймын спикер Эльжбета Витек мэдэгджээ. Польшид цар тахлын үеийн нөхцөл байдалд тохируулан сонгуулийг холимог байдлаар, тухайлбал сонгогчид шуудангаар саналаа илгээх болон бусад хувилбарын дагуу явуулах боломж олгосон хууль баталсан юм.

Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд 10 нэр дэвшигч өрсөлдөж байна. Ирэх 8-р сарын 6-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох Польшийн одоогийн ерөнхийлөгч Анжей Дуда энэ удаагийн сонгуульд улиран өрсөлдөж байгаа юм. Түүний гол өрсөлдөгчийг Варшав хотын мэр, Польшийн сөрөг хүчний “Иргэний индэр” намын улс төрч, Европарламентын гишүүн асан Рафал Тшасковскийг байх болно гэж улс төрийн ажиглагчид харж байна.